ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Солонгос судлалын профессорын баг

ХБС-ийн Солонгос судлалын профессорын багийн танилцуулга

ШУТИС-ийн ХБС-ийн Солонгос судлалын профессорын баг 2004 оны 12 сарын 25 өдрийн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар Солонгос судлал, хавсарга хэл шинжлэлийн баг нэртэйгээр 12 багшийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.Тус багийг ХБС-ийн захирал, доктор Ph.D Д.Болд ахалж байлаа. 2004-2005 оны хичээлийн жилээс тус баг солонгос-англи хэлний ангийн оюутнуудад, 2007-2008 оны хичээлийн жилээс  инженерийн бэлтгэл, 2008-2009 оны хичээлийн жилээс “Техникийн мэргэжлийн орчуулга” ангийн оюутнуудад мэргэжлийн чиглэлийн 36 хичээлүүдийг зааж байна. Үйл ажиллагааны гол чиглэл нь солонгос судлалын  суурийг зөв тавих, солонгос хэлний сургалтыг чанартай явуулах, орчуулгын мэргэжлийн хичээлүүдийн сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, улмаар боловсролын салбар дахь монгол,солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус нэмэр болох явдал юм.

Одоо нийт 6 багш ажиллаж байгаагаас багийн тэргүүлэх профессор Б.Дэдэрмаа хэлбичгийн ухааны докторын Ph.D зэрэгтэй, дэд профессор Н.Мэнд, багш Ц.Отгон, Т.Мөнхжаргал, Т.Энхцэцэг, Б.Номиндалай нар магистрын зэрэгтэй байна. Байгуулагдсан цагаас хойш жил бүр Солонгосын гадаад орнуудтай хамтран ажиллах байгуулга / Коика/ байгуулгын шугамаар мэргэжилтэн багш ирж хичээл заадаг. 2004-2005 оны хичээлийн жилд Жан Мён Сүк, 2005-2006 оны хичээлийн жилд Хун Юун Мүн, 2007-2008, 2009 оны хичээлийн жилд Хван Ын Ми, 2010-2011 оны хичээлийн жилд Чой Мин Сон нар урилгаар хичээл зааж ирлээ.

Тус багийн багш нар сургалтын 36 хичээлийн стандарт, төлөвлөгөөг боловсруулан сургалтанд хэрэглэж байна. Багш Б.Дэдэрмаа Хавсарга хэл шинжлэл хичээлийг зайн сургалтанд оруулж патент авсан болно.

Сургалт заах аргын зэрэгцээ багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байна.Багш Б.Дэдэрмаа 2008 онд “Монгол ардын айзам уртын дууны яруу найргийн үгийн сангийн онцлог” нэг сэдэвт зохиол, багш Ц.Отгон “Монголын нууц товчоон дахь “Элчийн үг”, багш Т.Энхцэцэг “Солонгосын ард түмний үндэсний тоглоом” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Багш Н.Мэнд БНСУ-д Ёнсей Их сургуулийн докторонтурт суралцаж байна.

Тус багийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин үр өгөөж нь дээшилж ирлээ.БНСУ-ын Сүн Чон Хян  Их сургуультай  байгуулсан гэрээний дагуу 8 оюутан 6 сарын хугацаатай  солонгос хэлний сургалтанд хамрагдсан. БНСУ-ын Чонбукийн их сургуулийн магистрантурт 4 оюутан суралцаж байна. 2008-2009 оны хичээлийн жилээс Ёожу дээд сургуультай гэрээ байгуулсны дагуу 1 оюутан 6 сарын хугацаатай солонгос хэлний сургалтанд  хамрагдсан болно.Жил бүр БНСУ-ын Ази Номхон далайн Оюутан залуучуудын  сайн дурын байгуулгатай хамтран солонгос хэлний 21 хоногийн зуны сургалтыг зохион байгуулсаар ирлээ. 2007-2008 оны хичээлийн жилд Нам Ян Жүн хотын нэрэмжит тэтгэлэгт 2 оюутан, Ази Номхон Далайн нийгэмлэгээс жил бүр 1 оюутан, профессорын багийн тэтгэлэгт жил бүр нэг оюутныг хамруулсан байна.

Тус багаас салбарын оюутнуудын дунд “Солонгос хэлний цагаан толгойн баяр”, ”Солонгос хэлний өдөрлөг”, ”Солонгос хэлээр хэн сайн бичих вэ? уралдааныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба  жил бүр БНСУ-ын ЭСЯ, Хүмүүнлэгийн Их Сургуулиас зохион байгуулдаг  “Солонгос хэлээр хэн уран илтгэх вэ?” тэмцээнд амжилттай оролцсоор ирлээ.

Тус багийн багш нар мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд байнга анхаарал тавьж солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд жил бүр орж амжилттай дүн үзүүлдэг.