Захирлын мэндчилгээ
Монгол улсын хөгжлийн түүхэнд дээд боловсролтой инженер, техникийн мэргэжилтэнд орос хэл заах зорилгоор 1978 онд Политехникийн дээд сургуулийн харьяанд Орос хэлний тэнхим байгуулагдсанаар Гадаад хэлний сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Тус сургуулийн тулгын чулууг тавилцсан ахмад үеийнхэн, хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан ажиллаж буй профессор багш нар болон нийт төгсөгч, оюутан та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье!
Манай сургууль анх зөвхөн инженер, техник, технологийн мэргэжлийн оюутнуудад гадаад хэл заадаг байсан бол өнөөдөр хэлний салбарт 1800 гаруй  бакалавр, магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргасан, эрин цагийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн орос, англи, хятад, япон, солонгос хэлний техник, технологийн орчуулагч бэлтгэдэг сургалт, судалгааны байгууллага болжээ.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг ханган биелүүлэхэд Гадаад хэлний сургуулийн үүрэг их бөгөөд дэлхийн болон бүс нутгийн шилдэг их сургуультай хамтын ажиллагааг хөгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын хамтарсан хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд манай профессор багш нар үүрэг хариуцлага хүлээж, дотоодын болон олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ШУТИС-ийн төгсөгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд төрөлх хэл болон гадаад хэлний чанартай боловсрол олгохын төлөө хичээн ажиллаж байна.
 Тус сургууль эдүгээ 80 гаруй профессор багштай, түүний дотор академич 1, шинжлэх ухааны доктор 2, хэл шинжлэл, боловсрол судлалын 30 гаруй доктортой, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, Ази судлалын салбар, Англи хэлний тэнхим, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт авах эрх бүхий Англи хэлний академи, Орос хэлний сургалт судалгааны төвтэй Гадаад хэлний сургууль болон өргөжин тэлснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.     
Манай хамт олон эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа үр өгөөжийг дээшлүүлснээр хэрэглээний хэл шинжлэл, нэр томьёо судлал, компьютер хэл шинжлэл, мэдээллийн технологид суурилсан гадаад хэл заах арга зүйн судалгаагаар үндэсний хэмжээний төв болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!
 
Доктор (Ph.D), дэд профессор Ц.Энхбаатар