Гадаад хамтын ажиллагаа
Гадаад харилцаа
     1984-1986 онд багш нарын заах аргыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэхэд ЗХУ/хуучин нэрээр/-аас И.Е.Намакштанская, Н.Н.Лапынина зэрэг эрдэмтэн багш нар ажиллан, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
        Англи хэлний мэдлэг онцгой чухал болж, сургалтын шинэ төлөвлөгөөний дагуу бүх салбарт англи хэл заах болсноор багшлах боловсон хүчин бүрэлдүүлэх, мэдлэг, заах арга, ур чадварыг дээшлүүлэх, сургуулийн хэмжээнд зохиогдох англи хэлний төрөл бүрийн дугуйлан, дамжаа зохион байгуулан удирдах, уригдан ирсэн америк багш нараас суралцах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Политехникийн дээд сургуулийн харьяанд Англи хэлний тэнхим байгуулж, тэнхимийн эрхлэгчээр АНУ-ын мэргэжилтэн доктор Джон Мервинийг томилсон байна.
       Гадаад хэлний сургуулийн сургалтын үйл ажиллагааны гол чиглэл нь ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдэд гадаад хэл эзэмшүүлэх явдал байлаа. 1995 онд Гадаад хэлний 1 дүгээр тэнхимд анхны япон хэлний багш ажиллаж улмаар Японы олон улсын байгууллага Жайкагаас жил бүр 1-2 мэргэжилтэн багш ажиллаж байснаас дурдвал Ито Мегуми, Нишиока Намиэ, Доно Аяко, Накахата Хироэ нар болно.
      2004-2005 оны хичээлийн жилд Солонгос судлал, хавсарга хэл шинжлэлийн тэнхим нээгдсэнээр БНСУ-ын гадаад орнуудтай хамтран ажиллах байгууллагын (КОЙКА) шугамаар анхны сайн дурын багш Жан Мён Сүг (2004-2007) ирсэн бөгөөд 2019 оны байдлаар КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан 7 багш ажилласан байна.
      2006 онд Монгол судлалын профессорын баг байгуулагдсанаас хойш ШУТИС-д суралцах гадаад оюутны монгол хэлний бэлтгэл хангах, гадаад оюутнуудтай хамтарсан хэл, орон судлалын өвөл, зуны сургалт зохион байгуулахаас гадна “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. 2019 оны байдлаар тус хөтөлбөрт ОХУ, БНСУ, БНХАУ, АНУ, Япон, Тайландын 70 гаруй оюутан хамрагдаад байна.
     1990-2019 онд  Гадаад хэлний сургуульд ОХУ-аас 14, АНУ-аас 32, Канад, Англи, Австрали, Тайланд зэрэг орноос тус бүр нэг, Японоос 15, БНСУ-аас 7, БНХАУ-аас 14 нийт 86 мэргэжилтэн багш уригдан ажиллаж, төгсөгчдийн хэлний мэдлэг чадварыг чанаржуулахад томоохон үүрэг гүйцэтгэжээ.
     2012 онд тус сургуульд зочин профессороор ажиллаж байсан, БНСУ-ын Сүн Чонхян их сургуулийн проректор, БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн, монгол судлаач Ким Хун Жин ШУТИС-ийн хүндэт профессор цолоор шагнуулжээ.