ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ХХШС

“Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрийн оюутнууд сургалтын төлөвлөгөөний дагуу хос гадаад хэл судлахаас гадна инженерийн суурь хичээл болон техник, технологийн салбарын орчуулгын хичээлүүдийг мэргэшүүлэх түвшинд судалдгаараа хэлний мэргэжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургуулиас онцлогтой бөгөөд энэ нь тэдэнд цаашид техникийн салбарт орчуулга хийх чадвар дадал олгоход дөхөм болдог. Оюутнууд суралцах хугацаандаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, “МАК” ХХК, “Гео Сан” ХХК, “Мон-Энержи Консалт” ХХК, “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Зам, тээврийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Дулааны 4 дүгээр цахилгаан станц, Технож бизнес инкубатор төв зэрэг техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад Танилцах дадлага хийж, Мэргэжлийн дадлагын хүрээнд дэвшилтэт технологи, шинэ тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгаа, аюулгүйн дүрмийн ажиллагаа зэрэг техникийн баримт бичгийн орчуулга хийхийн зэрэгцээ Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулдаг Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн, бөхийн барилдаан болон Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн зэрэг олон улсын спортын тэмцээн, бусад арга хэмжээнд орчуулга хийдэг.

Манай оюутнууд ГХС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Англи хэлний олимпиад, “Best speaker” тэмцээн болон МУИС-иас их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг англи хэлний олимпиад, МУБИС-иас зохион байгуулдаг дөрвөн хэлний олимпиад, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас их, дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулдаг Business English Contest, Байгал орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, “Селена Трэвел” групп хамтран зохион байгуулдаг “Young Tourism Pro” улсын уралдаан зэрэг ГХС, ШУТИС, бусад их, дээд сургуулийн болон улсын хэмжээний уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож, шагналт байранд шалгарч ирсэн.

Манай төгсөгчид англи хэлний зохих шатны боловсрол эзэмшсэнээр уул уурхай, барилга, эрчим хүчний зэрэг техникийн төрөл бүрийн салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компани, олон улсын байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудад орчуулагч, гадаад харилцааны ажилтан, мөн их, дээд ба дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байгаагаас гадна олон арван төгсөгч Англи, АНУ, Япон улс, БНСУ болон бусад орны их, дээд сургуульд дэвшин суралцаж байна.

Холбоотой цэсүүд